Monday, Apr 24th

Last update08:08:03 AM GMT

2. Жолоочийн үүрэг

E-mail Print PDF

2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;
б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
в/ шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиг.

2.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх;
б/ тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба (цаашид "Замын цагдаагийн алба" гэх)-нд тэмдэглүүлсэн байх.

2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;
Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно;
б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
Тайлбар: Энэ заалт нь жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаны автомашины жолооч, зорчигчид хамаарахгүй.

в/ мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;
г/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг цагдаагийн ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах;
д/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх;
е/ зам тээврийн осол буюу техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламж үзүүлэх;
ж/ замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах, хэрэв бололцоогүй буюу зам тээврийн осол гарсан бол энэ тухай хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулж аль ойр байгаа цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
з/ гэмт хэрэг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр гарсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, нийтийн эмх замбараагүй байдал үүссэн газарт хүрэлцэн очих, гэмт этгээдийг мөрдөн хөөх, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирч болох гэмтэлтэй хүмүүсийг эмнэлэгт, гэмт этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэхэд тээврийн хэрэгслээрээ үйлчлэх;
Тайлбар: Дээр дурдсан ажилд тээврийн хэрэгсэл хэрэглэсэн албан тушаалтан явсан зай, хугацаа, өөрийн овог нэр, албан тушаал, үнэмлэхний дугаараа тэмдэглэж албан ёсны баримт бичиж өгнө. Үүнийг үндэслэн гарсан шууд зардлыг цагдаагийн байгууллага төлнө.

и/ цагдаагийн алба хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, авто тээврийн буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгийг шалгуулах;
Тайлбар: Жолооч дээрх тохиолдолд шалгагчийн албаны үнэмлэхийг үзэж танилцах эрхтэй.

к/ тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан (шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад) автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг (уулзвар, гарц) дээр зай тавьж өгөн зогсож өнгөрүүлэх.

2.4. Улаан, хөх, ногоон өнгийн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд бусад оролцогчоос давуу эрхтэй байх бөгөөд энэ дүрмийн 5 дугаар бүлэг (зохицуулагчийн дохионоос бусад), 6 дугаар бүлгийн 1 дүгээр зүйл, 7-14, 16, 17 дугаар бүлэг болон 1 дүгээр хавсралтын заалтыг мөрдөхгүй байж болно. Энэхүү эрх нь дээрх тээврийн хэрэгслээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид мөн адил хамаарна. Харин шар өнгийн тусгай гэрэл дохио ажиллуулан, зам, байгууламжийн засвар үйлчилгээний ажил гүйцэтгэж яваа жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд энэ дүрмийн 8.5-8.9, 17.1 болон 1 дүгээр хавсралтын тэмдэг (2.11-2.14, 2.20, 3.2, 3.4-3.6 тэмдгүүдэзс бусад), тэмдэглэлийн заалтыг мөрдөхгүй байж болно. Шар өнгийн тусгай гэрэл дохио нь давуу эрх олгохгүй.
Тайлбар: Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байвал зохино.

2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно;
д/ шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ цагдаагийн албаны эрх бүхий албан тушаалтны шаардлагаар шалгуулах.

2.6. Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба (цагдаагийн байгууллага)-д бүртгүүлж болно.
2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:
а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;
в/ зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх;
г/ гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх;
д/ тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио дур мэдэн тавих;
е/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах;
ж/ зам хөндлөн буюу гүүрээр тууварлан гаргаж байгаа мал, ердийн хөсгийг үргээх;
з/ цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэх.

 

"АВТОМАШИН ЖОЛООДОЖ СУРАХ ГАРЫН АВЛАГА"

АВТОМАШИН ЖОЛООДОЖ СУРАХ ГАРЫН АВЛАГА Цаг хугацаа, орон зайтай өрсөлдөн ажил алба, ахуй амьдралаа залгуулж байгаа иргэн хүний хувьд жолооч байх нь амьдралын ердийн хэрэглээ болжээ. Монгол Улсын Боловсролын хуулинд жолоочийг мэргэжил биш, боловсрол ч биш, иргэний чадвар гэж томьёолоод жолооч бэлтгэх сургалтыг түр сургалтад хамааруулсан байдаг. Ер нь жолооч гэдэг ойлголтыг тодорхойлъёо гэвэл, хүний заяамал мэдрэмжинд тулгуурласан, дадлагаар бий болох хэвшсэн чадвар гэж үзэж болох юм.

Дэлгэрэнгүй Унших

Биднийг Сонго

Бид 2000 оны “Оны Тэргүүний Авто Сургууль”, 2001 оны “Оны Хошой Аварга Авто Сургууль”, 2002, 2003, 2004 оны “Шилдгийн Шилдэг Авто Сургууль”, 2003 оны “Нийслэлийн Хэрэглэгчдийн Найдвартай Түнш Байгууллага”,  2005 оны “Топ-3” авто сургуулийн нэг, 2007 оны “Итгэмжлэгдсэн Авто Сургууль”, 2011 оны Замын Цагдаагийн Газрын өргөмжлөлт байгууллага.

Бид Таныг Чадварлаг Жолооч Болгъё.

Харилцах Хаяг

Билгүүн Тулга Авто Сургууль

1 болон 6 тоот
"Мандухай" Зочид Буудлын Ард
2-р байр, 3-р хороо, Чингэлтэй Дүүрэг
Улаанбаатар Хот, Монгол Улс


И-мэйл: info@bilguuntulga.com
Утас:  11-310511, 8871-4101, 9916-6500

Манайх A, B, BC, D, E, М ангилалуудад элсэлт өдөр бүр авч байна.